Герман аялагч, судлаач Херман Констены хоёр боть номыг орчуулан гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-18 17:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман аялагч, судлаач Херман Констены 100 гаруй жилийн өмнө Монголоор аялахдаа тэмдэглэсэн "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" хоёр боть номын нээлт өнөөдөр ГХЯ-ны хурлын танхимд  боллоо.

Элчин сайд асан Б.Баярсайхан 1919 онд Германд хэвлэгдсэн дээрх номыг орчуулан Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан хэвлэжээ. Мөн номын нээлтийн үеэр, Херман Констены 1900 оны үеийн  монголчуудын ахуй амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтарсан эрдэм шинжилгээний хурал болов.


Номын орчуулагч Б.Баярсайхан "Херман Констен нь тэр үеийн өртөө замаар дамжин, Ховд, Улиастай, нийслэл хүрээнд орж ирээд 1912-1913 онд өвөлжин  энэ замаараа буцсан байдаг. Ингэхдээ өөрт нь тохиолдсон зүйлийг тэмдэглэж гэрэл зургийн нэлээд өвтэй болжээ. Ховд, Улиастайд очихдоо Манлайбаатар  Ж.Дамдинсүрэн, Хатанбаатар С.Магсаржав, Дилав хутагт, Жалханз хутагттай  уулзан зургийг  нь авчээ. Нийслэл хүрээнд Богд хаант Засгийн газрын бүх сайд нарын зургийг авсан нь өнөөдөр  үнэ цэнтэй байна. Эдгээр бүх гэрэл зургийг номд оруулсан. Германд хэвлэгдсэнээс өөр улс орны хэл дээр хэвлэгдээгүй. Уг номын эхний "Халх гүрэн дэх монголчуудын бэлчээр нутаг” нэрийг өөрчилж, "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" гэж нэрлэсэн. Учир нь адал явдалт аян замын тэмдэглэлүүдтэй нь холбож өгсөн юм. Мөн Херман Констен 1912, 1913 он буюу гадаадын колоничлогчдыг Монгол орноос шахан гаргасан, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн өрнөсөн, ороо бусгаа, цөвүүн цаг үеэр аялсантай нь холбож  энэ нэрийг бодож олсон юм" гэв.







Холбоотой мэдээ