Мал хулгайсан гэмт хэрэгтэнд оногдуулах ялыг чангатгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-22 17:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгахаар тусгажээ.


Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “24 бог, 8 бодоос дээш тооны мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, дээр дурдсанаас цөөн тооны мал хулгайлсан тохиодолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээх юм. Тиймээс дээрх тоог бууруулах, гэмт этгээдэд оногдуулах ялыг чангатгах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд байнгын хорооны гишүүдийн 60 хувь хуулийн төслийг дэмжлээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ