Үндсэн хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг тогтоов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 14:47:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ард нийтийн санал асуулга явуулах "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. 


Эхлээд, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. “Ард нийтийн санал асуулга явуулах, Моннгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын есдүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг гишүүд дэмжлээ.


Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.


Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын зургаадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УУИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.


Хуралдааны эцэст Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэх цаглабар төлөвлөгөөг хэлэлцээд гишүүдийн саналыг тусгаж албажуулахаар тогтов.

Холбоотой мэдээ