Өрхийн эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн аппарат олголоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-29 14:16:14

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Орон нутгийн хөгжлийн сангаас Бат-Үржихүй өрхийн эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн аппарат олголоо. Нийтдээ 1.5 сая төгрөгийн үнэ бүхий энэхүү хүчилтөрөгчийн аппаратыг Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, сумын хурлын төлөөлөгч И.Батчулуун нар энэ сарын 28-ны өдөр тус эмнэлгийн удирдлагад хүлээлгэн өгсөн юм.

Улаангом сумын  2, 4, 11-р багийн долоон мянга гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлэгт сүүлийн үеийн хүчилтөрөгчийн аппарат олгосонд хамт олон нь баяртай байлаа.

“Манай хамт олны ажил үйлчилгээг дэмжиж, шаардлагатай байгаа эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр байнга хангаж ирсэн аймаг, сумын удирдлагууддаа маш их баярлалаа” хэмээн “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Сумъяа хэллээ.

 

Холбоотой мэдээ