Ачааны тэрэгнээс олдсон цогцсуудын аль улсаас гаралтай болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-02 10:28:29

ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн Эссекс гүнлэгт явж байсан хөргөгчтэй ачааны тэрэгнээс олдсон 39 хүн Вьетнамын иргэд байсан гэж Эссекс гүнлэгийн Цагдаагийн газраас баасан гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ачааны тэрэгний бүхээгнээс олдсон цогцсуудыг анх Хятадын иргэд байж магадгүй хэмээн таамаглаж байсан юм. Эссекс гүнлэгийн цагдаа нар одоо Вьетнамын Засгийн газар болон Вьетнам дахь гэр бүлүүдтэй холбоо тогтоож байгаа аж. Лондон хот дахь Вьетнамын Элчин сайдын яам хохирогчдын гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлээд, Вьетнам, Их Британийн холбогдох албаны төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна.  


Мөн Вьетнамын Ха Тинх мужийн Цагдаагийн газар хууль бусаар цагаачлах үйл явцыг зохион байгуулж, зуучилсан хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан талаараа өмнө нь мэдээлжээ. Үүний зэрэгцээ Их Британийн Прокурорын газар ачааны тэрэгний жолооч, 25 настай Мо Робинсоныг 39 хүний аминд хүрсэн болон бусад гэмт хэрэгт буруутгажээ.

Холбоотой мэдээ