Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-11-07 10:15:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулын газрын нээлт энэ сарын 6-нд боллоо.


Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хот болон Гуандун, Фүжянь, Жэжян, Аньхуй, Жянсү зэрэг мужид амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх боломж бүрдлээ. Мөн Монгол Улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих БНХАУ болон бусад орны иргэдэд визийн үйлчилгээг ойртуулж байна.


25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг болдгоос 300 гаруй нь олон улсын чанартай байдаг аж. Тус хотод гадаадын 71 улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан юм.


Тиймээс Ерөнхий консулын газар Монгол Улсыг сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн ажил өрнүүлэх, Шанхай хотын банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг судалж, Монголын компани, аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд хувьцаа, IPO гаргахад дэмжих, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ