“Facebook” компани 2020 оны АНУ-ын сонгуулийг хамгаалах хөтөлбөр эхлүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-08 14:31:57

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Улстөрчид, намуудын хаягийг хакеруудаас, бусад хөндлөнгөөс оролцооноос хамгаалах хөтөлбөр, түүнчлэн 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хамгаалах боломж олгох өөр арга хэмжээнүүдийг эхлүүлснээ “Facebook” компани пүрэв гарагт мэдэгджээ.


“Өнөөдөр бид хакерууд болон гадаадын өрсөлдөгчдийн халдлагад өртөмтгий болсон сонгуулийн албан тушаалтнууд, нэр дэвшигчид, тэдний ажилтнууд болон бусад хүний хаягийг цаашид хамгаалах зорилгоор “Facebook Protect” хөтөлбөрийг эхлүүллээ. Тэд хортой үйл ажиллагааны бай болж магадгүй нь өнгөрсөн сонгуулийн үеэр ажиглагдсан” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Уг хөтөлбөрт оролцохын тулд “Facebook” болон “Instagram”-ийн хэрэглэгчид түүнд бүртгүүлэх ёстой. Энэхүү хөтөлбөр нь нэвтрэлт таних хоёр системтэй ажээ. “Хэрэв бид нэг хаяг халдлагад өртөж байгааг илрүүлбэл манай хөтөлбөрт бүртгүүлсэн түүнтэй ижил бусад байгууллагын хаягийг шалгаж, хамгаалж чадна” гэж “Facebook” компанийнхан тайлбарлажээ.


Тус компани мөн ташаа мэдээлэл түгээхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ