"Хариуцлагын хууль"-ийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-15 14:52:35

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, удаа дараа УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм. Уг хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ- аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорьсон талаар хууль санаачлагчийн илтгэлд дурдлаа. 
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгажээ. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан байна. Харин албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ. 

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн эсрэг санал өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн хандлага багагүй өөрчлөгдөж, төрд хариуцлага тооцох асуудал байх шаардлагатай, ингэхдээ маш нарийн боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурийг дийлэнх нь хэлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Зоригт “Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хуультай болох шаардлагатай. Эрхээ эдэлдэг ч үүргээ бараг биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй хүмүүс олон бий. Гэхдээ УИХ Засгийн газрын 10 хүрэхгүй гишүүдийг огцруулах асуудлаар багагүй цаг зарцуулдаг. Энэ хуулийн үйлчлэлд харин 80-90 албан тушаалтан хамрагдах учир УИХ маш их цаг зарцуулах вий гэж болгоомжилж байна" гэсэн бол Л.Болд гишүүн “Хариуцлагагүй цаг үеийг дуусгах цаг болсон. Нийгмийг цочроосон олон асуудал гарч байгаа ч хариуцлага тооцох эзэн байхгүй байна. Энэ асуудлыг зөвхөн байнгын хороогоор хязгаарламааргүй байна. Олон улсын жишиг, туршлагыг тусгаад зөв хууль гаргачихмаар байна”, Б.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ бол хойшлуулшгүй хэлэлцэх хууль мөн”, Д.Тэрбишдагва гишүүн “Эрх ямба эдэлж байгаа хүн хариуцлага хүлээх ёстой” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байв. 
Харин Г.Уянга гишүүн “Хуулийн төслийг өмнөх шүүмжээс нь сайжруулж оруулж ирсэнгүй. Үнэхээр л төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдог юм бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай ҮХЦ-д гаргасан гомдол хэрхэн шийдэгдэхийг харъя. Мөн энэ хуулиас харахад Засгийн газрын гишүүдийг илүүтэй хамгаалах тухай орж ирсэн байна. Хариуцлагын асуудлыг ярихдаа Үндсэн хуультай, Төрийн албаны тухай хуультай, тогтолцоотой нь хамт хэлэлцэх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Батцогт “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох ёстой гэдгийг дэмжинэ. Гэхдээ яаж вэ гэдэг нь чухал. Намын хатуу гишүүнчлэлээр хуваагдчихсан байхад 30 хувийн саналаар гарч ирж, байгаа УИХ-ын гишүүнийг сонгогчийн 15 хувийн саналаар эргүүлэн татна гэвэл осолтой” гэв. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр гишүүдийн асуултад хариулахдаа “Үндсэн хууль зөрчсөн хүн төрийн өндөр албан тушаал хашаад явж болохгүй. Олон улсад ч ийм жишиг байдаг. Манайд үүнийг нэвтрүүлэх шаардлага байгаа юм. Шаардлагатай тохиолдолд уучлал гуйх үүрэг хүлээхээр зохицуулсан. Олон түмнээс уучлал гуйгаад хариуцлага хүлээж байгаа тохиолдолд улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөх ёстойг оруулж өгсөн" гэх мэтээр хариулав. 

Харин уг хуулийн төслийн санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдийг асуулт асууж, саналаа хэлсний дараа үг хэлэхдээ “Мөнгө зарахгүй, өр тавихгүйгээр шийдэж чадах асуудал бол хариуцлага. Улс төрийн эр зориг гаргаад болж өнгөрсөн үйл явдалдаа дүгнэлт хийгээд өөрсдөө шийдчих асуудал. Тогтвортой байдлын асуудлыг тавьж байгаа гишүүдтэй санаа нэг байгаа. Төр нь хариуцлагагүй байх юм бол тогтворгүй байдал бий болно. Хууль буруу юманд ашиглагдаад тогтворгүй болох юм биш биз дээ гэж байна. Тогтворгүй байдалд орсон улсуудыг судалсан хүмүүсийн дүгнэлтээр хариуцлага тооцож чаддаггүй улсад шударга ёс тогтдоггүй. Хариуцлага тооцо нь нийгмийг тогтвортой болгохын үндэс. Энэ асуудлыг өмнө нь УИХ-ын гишүүд ярьдаг байсан, биежүүлээд бичихээр ийм зүйл гарч ирж байна. Хариуцлага гэдэг юмаа харахаар түүнээс болгоомжлоод байдаг. Үүнээс болоод хариуцлагын асуудлыг оруулж ирж чаддаггүй. 

УИХ-д би баярлаж байгаа. Сонсголын хууль, Шилэн дансны тухай хуулиудыг баталж гаргасан. Нэг юм хаягдаад байгаа нь Хариуцлагын тухай хууль. Төр хариуцлагатай байх юм бол засаглах эрх зүй бий болно. УИХ дээр бид хууль гаргаад шийдчих юм бол ёс зүй бий болно.
Ардчилсан нийгэм гэж яриад байгаа, энэ бол эрх үүргийн зохистой нэгдэл. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь хариуцлагатай болох асуудал. Ёс зүйгүй алхам хийсэн бол наад зах нь уучлал гуйдаг байх ёстой. Цаашлаад нам нь тухайн хүнээ нэр дэвшиж болохгүй юм байна гэдэг байх. Энэ утгаар нь харах хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой асуудал дээр санаа зовниж байгааг ойлгож байна. Ард түмэн сонгох эрхтэй байхад эргүүлж татах эрх нь байдаг байх ёстой. Эхний төсөл дээр 5 хувь байсан, ярьсаар байгаад 15 хувь болгосон” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувь уг хуулийн төслийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжлээ. Үүгээр “Хариуцлагын хууль”-ийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Гантуяа


 

Холбоотой мэдээ