Г.Занданшатар: Дэлхий нийт дипломыг биш ур чадварыг хардаг болсон

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-18 08:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клуб “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг энэ сарын 17-нд Төрийн ордонд зохион байгууллаа.


“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан гурав дахь жилдээ зохион байгуулсан уг чуулган оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын талаар залуусын үзэл бодол байр суурийг сонсох, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилготой.


Монгол Улсын нийт хүн амын 25.5 хувийг 15-29 насныхан эзэлдэг. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтдаг гэсэн үг. Түүнчлэн 2018 оны байдлаар манай улсад нийт 94 их, дээд сургууль, коллежид 157 мянга гаруй оюутан суралцаж байгаа гэсэн статистик мэдээ бий.


УИХ-аас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан нь бүс нутагтаа төдийгүй олон улсад бие даасан хуультай болсон цөөн улсын нэг болсон. Мөн төрөөс оюутнууддаа хөрөнгө оруулах Боловсролын зээлийн санг байгуулснаар 2018 онд нийт 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин 2020 оны улсын төсөвт залуучуудад чиглэсэн үйл ажиллагааны төсвийг өмнөх онынхоос хоёр дахин нэмэхээр тусгалаа. Мөн Засгийн газраас “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төрөөс оюутан, залуучуудад зориулж буй олон төрлийн хөтөлбөр, хөнгөлөлт, үйлчилгээг үнэ төлбөргүй зүйл гэж үзэхээс илүүтэй та бүгдийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт хэмээн ойлгож, үр дүнтэй ашиглах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол нээлтийн үеэр онцлов.


Дэлхий дахинд өрнөж буй эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлтийн үйл явц шинэ мянганы залуучуудаас шинэ сэтгэлгээ, зорилго, тэмүүлэлтэй байхыг шаардаж байна. Өөрийгөө дайчилж, сахилга баттай, авьяас, ур чадвараа хөгжүүлж суралцахаас гадна, бүтээлч сэтгэлгээгээр аливаад хандах хэрэгтэй. Дэлхий нийт дипломыг биш ур чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх ёстой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ дурдлаа.

.

2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувь автомат роботоор солино гэсэн судалгаа гарсан бол ОХУ-ын 280 компанид хийсэн судалгаагаар боловсон хүчний хомсдолоос илүүтэй авьяасын нөөцийн хомсдол үүснэ гэж дүгнэсэн байна. Эдүгээ дэлхий даяар Технологийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байна. Хиймэл оюун ухаан, роботын үйлдвэрлэл, их өгөгдөл боловсруулалт, виртуал бодит байдал, генийн инженерчлэл зэрэг шинэ нээлт, технологиуд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудтай ижил түвшинд өрсөлдөхүйц түвшний боловсрол, мэдлэг, чадвар эзэмшсэн иргэд л улс орны өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг тодорхойлох болно хэмээн УИХ-ын дарга мөн онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-ын чуулганы энэ сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав.


Ташрамд тэмдэглэхэд, 1946 онд Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурлаас жил бүрийн ы 11 дүгээр сарын 17-ныг "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.

Холбоотой мэдээ