5.600 гаруй байгууллагыг өмчийн үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-15 16:47:36

Төрийн болон орон нутийн өмчийн улсын үзлэг, тооллого 4 жил тутамд болдог. Энэ жил Засгийн газрын шийдвэрээр төрийн болон орон нутгийн өмчийг тоолохоор шийдвэрлэсний дагуу Сангийн яамнаас бүх бэлтгэл ажлыг хангасан байна.

Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсний дагуу ийнхүү тус яамны зүгээс нийслэл болон аймгуудын өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадтай хамтран төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 5.600 гаруй байгууллагыг хамруулах бөгөөд барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, биет бус хөрөнгө зэрэг бүх үндсэн хөрөнгийг тоолохоос гадна улсын хэмжээнд байгаа бүхий л түүх соёлын дурсгалт зүйлсийг бүрэн хамруулах юм.

Сангийн яамнаас нийслэл болон 21 аймгийн өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдэд  улсын үзлэг, тооллого зохион байгуулах талаар нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж байна. Энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг албан ёсоор эхлүүлж байгаа юм. Тус сургалтаар төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, бүртгэл, тооллого хийх, улсын үзлэг, тооллогын дүн мэдээг нэгтгэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох программ дээр ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч буй аж.

Төрийн болон орон  нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн программ хангамжийг “Койка” олон улсын байгууллагын туслалцаатайгаар нэвтрүүлж, цахим мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

Холбоотой мэдээ