БНАСАУ пуужин хөөргөх талбай нэмж барьж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-02 13:53:25

ТОКИО. /TASS/. БНАСАУ-ын цэргүүд янз бүрийн ангиллын пуужинг хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвах боломжтой хэдэн арван бетон талбайг энэ оны зунаас хойш барьжээ. Эдгээр талбай нь хэдэн арван метрийн урт, өргөнтэй гэж Японы “Asahi” сонин Америк, Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна.


Энгийн газраас пуужин харвах үед хөдөлгөөнт төхөөрөмж эвдрэх, пуужингийн нислэгийн зам өөрчлөгдөж болзошгүй байдаг аж. Тийм учраас БНАСАУ-ын эрх баригчид пуужин харвахын тулд урьдаас бэлдсэн бат бөх талбай ашиглахыг илүүд үзэж байгаагаас гадна, ээлжит пуужин хөөргөх газрыг тодорхойлоход хэцүү болгох үүднээс талбайнхаа тоог нэмж байгаа бололтой гэж “Asahi” сонинд бичжээ.


БНАСАУ 2017 оны 11 дүгээр сард тив хоорондын "Хвасон-15" баллистик пуужин туршсан билээ. Пёньян Вашингтонтой хийж буй хэлэлцээний уур амьсгалыг эвдэхгүйн тулд үүнээс хойш ийм ангиллын пуужин дахин харваагүй юм. 2019 онд хоёр улсын хэлэлцээнд онцгой ахиц дэвшил гараагүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн хоёр дахь уулзалт амжилтгүй болсон билээ. 


БНАСАУ ойрын зайн тусгалтай пуужин болон өндөр хүчин чадалтай зэрэг галлагч тийрэлтэт системийн туршилтаа тавдугаар сард сэргээсэн юм. Тус улс өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 13 дахь удаагаа пуужин харвасан бөгөөд он дуусахаас өмнө ойрын эсвэл алсын зайн тусгалтай пуужин дахин туршиж магадгүйг Өмнөд Солонгосын тагнуулчид үгүйсгэхгүй байна гэж “Asahi” сонинд бичжээ.


Холбоотой мэдээ