Байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-04 07:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Хоршооны тухай,  Дагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэх ажлын багийг байгуулах юм.


Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Засгийн газар, АХБ хамтран хэрэгжүүлэх "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацын Санхүүжилтийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.


Түүнчлэн 15.00 цагт хуралдах Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ