АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон байсан пуужинг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-13 12:06:08

МОСКВА. /RIA Novosti/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээгээр өмнө нь хориглосон байсан баллистик пуужингийн анхны туршилтыг амжилттай явууллаа гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдээлжээ.


Пүрэв гарагт явуулсан туршилтынхаа дүнд АНУ дүгнэлт хийж байна гэж Калифорни муж улсад байрладаг "Ванденберг" нисэх хүчний баазын төлөөлөгчид урьд нь мэдээлсэн байна.


Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг ийм ангиллын пуужингуудыг устгах тухай Орос-Америкийн гэрээгээр хориглосон байсан боловч АНУ наймдугаар сарын 2-нд тус гэрээнээс албан ёсоор гарсан юм.


“АНУ-ын Агаарын цэргийн хүчин Стратегийн боломжийн газартай /Strategic Capabilities Office – SCO/ хамтран газар дээр суурилсан цөмийн бус баллистик пуужингийн загварыг амжилттай туршлаа” гэж Эспер “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр харвахад бэлэн болсон пуужингийн загварыг бүтээхэд есөн сар хүрэхгүй хугацаа зарцуулсан болохыг нэмж дурдсан байна.


АНУ дээрх гэрээгээр өмнө нь хориглосон байсан далавчит пуужинг өнгөрөгч наймдугаар сард туршжээ. Ийм пуужингууд бүтээж байгаагийн хариуг АНУ-д адилхан барина гэж ОХУ-ын эрх баригчид анхааруулсан байна.


Холбоотой мэдээ