Алтайн нүүдэлчдийн баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-16 20:29:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Алтайн нүүдэлчдийн баяр-2020” өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Өлгий хотын дэргэдэх Бөхөн уулын Хойлогтын энгэр хэмээх газарт болно.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор дээрх үйл ажиллагааг өнгөрсөн оноос жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Алтайн нүүдэлчдийн баяр нь казах, урианхай, тува, дөрвөд угсаатнуудын өв соёлыг хадгалах, сурталчлах, аялал жуулчлалын улирлыг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжүүдийг тогтвортой орлоготой болгох зорилготой. Энэ жил уг баярыг аймгийн ЗДТГ, “Гранд Алтай трейвл” компани БОАЖЯ, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагатай хамтран явуулна.

Баярын үеэр нүүдэлчдийн соёлыг харуулсан жагсаал, үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн, гар урлалын бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Алтайн нүүдэлчдийн цайны соёл, цагаан идээ боловсруулах үзүүлбэр, уулын оргил булаалдах, шагайн харваа, тэмээ, жороо морины уралдаан, бүргэдчдийн тэмцээн болох ажээ.

Холбоотой мэдээ