"Хан-Уул Хангарьд" баг өрсөлдөгчөө 2 хожигдолтой болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-21 13:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Гоё дээд лигийн хоёр тоглолт Спортын төв ордонд даваа гарагт /2020.01.20/ боллоо.


Эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга I тойргийг нэг ч хожигдолгүй эхлэсэн "Алдар Танан Гарьд" болон "Хан-Уул Хангарьд" багийн хооронд болж 87:82-оор Ш.Сэдбазар дасгалжуулагчтай, Б.Билгүүн ахлагчтай "Хан-Уул Хангарьд" баг хожлоо. Харин Ч.Ижилболд ахлах дасгалжуулагчтай, ОУХМ О.Ууганбаяр ахлагчтай "Алдар Танан Гарьд" багийн хувьд дараалсан 2 хожигдолтой болов.


Хангарьдаас Г.Удаанжаргал 18 оноо, 5 самбар, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Бат-Отгоны Билгүү 17 оноо, Н.Эрдэмтөгс 14 оноо, Ц.Сэргэлэнбаатар 13 оноо, Төртогтохын Билгүүн 9 оноо тус тус авлаа. Харин улирлын хоёр дахь хожигдлоо амссан Гарьдуудаас легионер тоглогч Д.Лавандер 20 оноо, О.Ууганбаяр 15 оноо, Б.Мөнхболд 14 оноо, Б.Болдбаатар 12 оноо, О.Нямбаяр 10 оноог тус тус авсан байна. Ийнхүү Хангарьд 3 хожил 4 хожигдолтой болсон бол Гарьдууд 5 хожил 2 хожигдолтой болжээ.


Дараагийн тоглолт туршлагатай тоглогчидтой О.Баярцогт дасгалжуулагчтай, Г.Баттөр ахлагчтай "23 Стормс" баг, Лигийн шинэхэн залуусаас бүрдсэн "Багануур тулнууд" багтай тоглосон юм. "23 Стормс" багийн хувьд БНСУ-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаад ирсэн. Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй тус багийн хувьд менежмент, багийн бэлтгэл тун сайн байгаа аж.


Тоглолтын эхнээс Шуурганууд давамгайлж эхэлсэн эхний хагас 23 онооны зөрүүтэй өндөрлөсөн. Тэд эрчээ хадгалсаар 61:96-гаар "23 Стормс" өрсөлдөгчөө буулган авлаа.


Гоё дээд лигийн дараагийн тоглолт маргааш буюу лхагва гарагт /01.22/ 18 цагаас "Багануур Тулнууд" болон "Эрдэнэтийн Уурхайчид", 20 цагаас "23 Стормс" болон "СБЛ Хасын Хүлэгүүд" багийн хооронд болно.

Холбоотой мэдээ