Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-01-22 12:02:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, “Сити Агро” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох, “Сити Агра” компанийн захирал Г.Ганбат нар өнөөдөр гарын үсэг зурав.

Санамж бичигт тусгаснаар талууд ШУА-ийн эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхжсэн материаллаг баазад түшиглэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэн хэрэгжүүлэх  зорилгоор хамтран ажиллах юм.

Мөн ШУА хамтарсан төсөл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах, “Улаанбаатар хүлэмж, ногоон төгөл” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролцох, мэргэжлийн боловсон хүчинг сургах, бэлтгэх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.   

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн  зөвлөгөө өгөх, судалгаа хийх, судлагдсан таримал болон үржүүлсэн мод, модлог ургамлаар хангах, олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төслийн хүрээнд хоёрдогч орноос импортоор оруулж ирсэн мод, модлог ургамлыг өөрийн хорио цээр, үржүүлгийн талбайд нутагшуулах ажлыг хэрэгжүүлэх юм.  

Харин “Сити Агро” ХХК нь  ШУА болон түүний харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач нарын бүтээлийг амьдралд нэвтрүүлэхэд санхүүжүүлэн хамтран ажиллах,  ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лаборатори, судалгааны баазыг “Улаанбаатар хүлэмж, ногоон төгөл” төслийн хүрээнд бэхжүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр үүрэг хүлээжээ.

 

Холбоотой мэдээ