Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.gov.mn
2020-01-25 18:27:28
twitter.com/Nyamkanmk

ДАВОС. /CNN Business/. Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн чуулга уулзалт дэлхийд нөлөө бүхий хоёр хүний санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө.


Дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн ноцтой асуудал буюу уур амьсгалын өөрчлөлт энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв байв. Бүтэн долоо хоног үргэлжилсэн уулзалтын сүүлийн хурлын үеэр АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард нар уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг хэрхэн зохицуулах асуудалд санал зөрөлджээ.


Хурлын үеэр Стивен Мнучин уур амьсгалын өөрчлөлтийг тусгасан урт хугацааны төлөвлөгөө нь үр ашиггүй гэж хэлсэн даруйд Кристин Лагард түүний саналтай нийцэхгүй байгаагаа илэрхийлж, “уур амьсгалын өөрчлөлтийн улмаас санхүүгийн зах зээл болон эдийн засагт учрах эрсдэлийг тооцоолох нь хамгийн чухал. Ингэснээр уг эрсдэлийг урьдчилан таамаглаж, цаашлаад эрсдэлийг бууруулах боломжтой болно” гэж хэлсэн байна.


Харин Стивен Мнучин хариуд нь өөрийн саналаа илэрхийлснээр дэлхийн нөлөө бүхий хоёр хүний санал зөрөлдөөн эрчимжиж, цаашлаад АНУ болон Европ уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санал зөрөлдөөнтэй байгааг тодотгон харуулсан юм. Гэсэн хэдий ч Их Британийн хунтайж Чарли тэргүүтэй бусад нөлөө бүхий эрхмүүд эрчимтэй арга хэмжээ авахыг уриалжээ.


Энэ удаагийн чуулга уулзалт санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдэг дээр багагүй үр дүнд хүрсэн гэдэгт төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийг “Муу ёрын мөнхийн зөнчид” гэж тодорхойлсон Д.Трамп болон идэвхтэн Грета Тунберг нарын хамт оролцсон уг арга хэмжээний эцсийн дүгнэлт байж магадгүй юм.

Холбоотой мэдээ