Освенцимийг чөлөөлсний 75 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-27 13:54:04

ВАРШАВ. /Ukrinform/. Нацист Германы бөөнөөр хорих Аушвиц-Биркенау лагерийг чөлөөлсний 75 жилийн ойг өнөөдөр Польш улс олон улсын түвшинд тэмдэглэнэ. Еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг дурсах олон улсын өдөрт зориулсан үйл ажиллагаанд дэлхийн 60 орчим улс болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно гэж “Ukrinform” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ. 


Украин улсыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский төлөөлөн оролцох бөгөөд тэрбээр албан ёсны арга хэмжээ эхлэхээс өмнө Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзана. Хоёр талын хэлэлцээ дууссаны дараа тэд хэвлэлүүдэд зориулж хэвлэлийн хурал зохион байгуулна.


Польшийн Ерөнхийлөгч Аушвиц-Биркенау бөөнөөр хорих лагерийн гол хаалганы өмнө үг хэлснээр арга хэмжээ албан ёсоор эхэлнэ. Энд мөн уг лагерьт хоригдож байсан хоригдлуудаас үг хэлэх бөгөөд дурсгалын арга хэмжээнд нийтдээ Украины иргэдийг оруулаад Аушвиц-Биркенауд хоригдож байсан 200 гаруй хүн оролцоно.


Освенцимд мөн Герман, Израил, Австри, Финланд, Литва, Латви, Словак, Словени болон Швейцарын Ерөнхийлөгч нар хүрэлцэн очно.


Гитлерийн Германы бөөнөөр хорих Аушвиц-Биркенау лагерийг Зөвлөлтийн Улаан арми 1945 оны нэгдүгээр сарын 27-нд чөлөөлжээ. 1940-1945 оны хооронд энэ лагерьт еврейчүүд голдуу 1.3 сая гаруй хүн амиа алдсан байна.


Холбоотой мэдээ