ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын тайлангийн хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-07 10:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Гадаад харилцааны яаманд болов.


Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн, хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” хадны зургийн фото үзэсгэлэн зэрэг цуврал үйл ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байранд зохион байгуулсан. ЮНЕСКО-ийн Ерөнхий Бага хурлын 40 дүгээр чуулганы үеэр Монгол Улс тус байгууллагын Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж уг зөвлөлийн гишүүн, мөн зөвлөлийн товчооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон" хэмээв.


Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэлхийн төв болох ЮНЕСКО нь гишүүн орнуудаас олгох санхүүжилт багассан зэргээс улбаалан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд багагүй саад бэрхшээлтэй учирч байгаа сорилтын энэ үед Монгол Улс гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ тууштай биелүүлж, тус байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах нь чухал болохыг сайд Д.Цогтбаатар цохон тэмдэглэв.


Сайд Д.Цогтбаатар комиссын гишүүдэд энэ онд хэрэгжүүлэх ажлуудын танилцуулж, чиглэл өгсөн юм.

Холбоотой мэдээ