Корона вируснээс урьдчилан сэргийлэх хариуцлагатай жижүүр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-18 14:15:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ коронавируснээс урьдчилан сэргийлэх ажил Дорноговьд хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Хоёрдугаар сарын 12-нд хуралдсан Дорноговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар хурлын шийдвэрийн дагуу аймгийг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Covid-19” шинэ төрлийн вируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ЭМГ-т байнгын жижүүр найман цагаар ажиллаж байна.

Жижүүрээр томологдсон алба хаагч тухайн өдөр өглөөний 10.00, өдрийн 15.00, оройн 08.00 цагаас сумдаас, болон зарим тусгай чиг үүргийн байгууллагаас тогтмол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Иргэд шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлэх нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд, хаа нэгтэй сэжигтэй тохиолдол үүссэн хийгээд нутаг орондоо болж байгаа цаг үеийн асуудлаар шуурхай жижүүрт хандаж санал хүсэлтээ илэрхийлж болно.


Таван зуун ширхэг амны хаалт оёж хүлээлгэн өгөв


ХНХЯ-ны харьяа Дорноговь аймаг дах МСҮТ-ийн хамт олон санаачилга гаргаж 500 ширхэг амны хаалтыг багш ажилтнуудынхаа хүч оролцоотойгоор стандартын шаардлагын дагуу оёжээ.  Бэлтгэсэн амны хаалтаа аймгийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Д.Дашнямд гардуулав. Аймгийн нийт ард иргэдэд аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж амны хаалт болоод бусад хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж, өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хувийн ариун цэврийг сайтар сахихыг албаныхан уриалсан юм.

Үүнээс гадна орон нутгаас зарим оёдлын цехтэй  амны хаалт оёх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна.


Үйлчлүүлэгчдийн халууныг үзэж зөвлөгөө өгч байна


Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг  үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг үзэж халууныг хэмжиж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Мөн иргэдэд биеийн байдлаа хянаж амна хаалт зүүж, сонор сэрэмжтэй, аюулгүй байдлыг сахихыг анхааруулж буй. Энэ оны хоёрдугаар сарын 17-ны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 20  хүүхэд эмчлүүлж  буйгаас  16  буюу 80.0 хувийг, дотрын тасагт  хэвтэн эмчлүүлж буй 38 хүний 10 буюу 26.3 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай хэвтэлт эзэлж  байна.

Харин Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт долоон  хүүхэд эмчлүүлж  буйгаас 57.1 хувь нь томуу томуу төст өвчний шалтгаантай хэвтэлт эзэлж  байна. 

 

Томуугийн өвчлөл 2.6 хувиар буурчээ


Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6271 хүн үйлчлүүлсний  374 буюу  зургаан хувийг  томуу болон томуу төст өвчин эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.6 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс  0.4 хувиар  нэмэгдсэн байна.

Томуу болон томуу төст өвчний нийт тохиолдлын  55.1 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж буй. Харин  5-15 насанд  өвчлөл 20.1 хувь болж  0.2 хувиар,  16-аас дээш насанд  24.9 хувь болж  өмнөх долоо хоногоос  3.0 хувиар  тус тус  буурсан байна.

Сум, өрхийн  эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт сайжирсантай холбогдуулан  томуу болон томуу төст өвчний  шалтгаантай эмнэлэгт хандсан болон түргэн тусламжийн дуудлага өмнөх долоо хоногоос буурсан аж.

 

Халдварын эрсдлээс урьдчилан  сэргийлэхийг анхааруулж байна


БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (COVID-2019) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” зарласан. Манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч Хятад улстай хил залгаа орших Дорноговь аймгийн хувьд шинэ коронавирусний халдварын эрсдэл өндөр байгаа тул урьдчилан  сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байхыг Аймгийн ЭМГ-аас сануулж байна.

Үүнд,томуугийн халдвараас сэргийлэн эрсдэлт бүлгийн 0-5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш настай, цусны даралт ихсэх, сахарын өвчтэй хүмүүстээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэрээс авч байх, олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаа  зохион байгуулахгүй, оролцохгүй байх, байгууллагынхаа болон гэр бүлийнхээ гишүүдийг дархлаажуулах аарц, чацаргана, амин дэмээр хангах хэрэгтэйг зөвлөв.

Холбоотой мэдээ