Өндөр хэмийн халуун уураар тээврийн хэрэгслийг ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-01 17:02:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Олон улсын авто замын “Алтанбулаг” хилийн боомт болон Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийг ариутгах, ариутгал халдваргүйтгэлийн пункт 24 цагаар ажиллаж байна.

Уг пунктийг “уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд оруулсан бөгөөд орох, гарах  хөдөлгөөнд хяналт тавьж байгаа юм. Энэхүү пункт нь өндөр хэмийн халуун уураар утах үйл ажиллагаатай бөгөөд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй аж. Ингэснээр ачаа тээвэрт наалдан орж ирж болзошгүй нян бактерийг устгаж байгаа аж.

Энэхүү аргыг анх гахайн мялзан өвчний халдварыг тархахаас урьдчилан сэргийлж, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос санаачлан хийж байжээ. Энэхүү үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Оргил биечлэн танилцлаа. Энэ мэтчилэн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Монгол Улс руу коронавирусний халдварыг нэвтрүүлэхгүй байх бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.

Нийт ард иргэддээ хандан төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх ажилд дэм болж ажиллахыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.

Өнөөдрийн байдлаар "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32 байцаагч, ЭМГ-ын 64 эмч, сувилагч, ариутгагч, жолооч нар 24 цагаар байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК, аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын 29 ажилтан, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ