Токиогийн Олимпын наадмыг зөвхөн зурагтаар үзүүлж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-03-02 16:19:04

ЛОНДОН. /TASS/. Коронавирусийн тархалттай холбоотой нөхцөл байдлаас шалтгаалан Японы нийслэл Токио хотноо болох зуны Олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулж магадгүй байгаа тухай Британийн “Daily Mail” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Олимпын наадмыг зөвхөн зурагтаар үзүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Ийм шийдвэр гарвал телевизүүд олон сая ам.долларын гэрээ байгуулах боломжтой болох юм.


Коронавирусийн улмаас Олимпын наадмын хуваарьт ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж зохион байгуулах хорооных нь дарга Ёширо Мори урьд нь мэдэгдсэн билээ.


Одоогийн байдлаар Японд 961 хүн коронавирусийн халдвар авч, 12 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм. Хөлөг онгоц дээр үлдсэн сүүлчийн хүмүүсийг ням гарагт буулгаж, уг хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг бүрэн нүүлгэн шилжүүлж дуусчээ.


Холбоотой мэдээ