Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ар гэрийнхэнд захидал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-05 12:55:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо бүсгүйчүүдийн санаачилгаар өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед алба хааж байгаа Цагдаагийн газар, ОБГ-ын албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ар гэрт сэтгэлийн дэм өгөх сайн үйлсийн “талархал”-ын үйл ажиллагаа өрнөж байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын тулд ОБГ, хэвлэл мэдээлэл, ТББ-ын эмэгтэйчүүдээс санаачлан “Монгол хүн байна даа” аяныг зохион байгуулж байгаа юм.

Тус аяны хүрээнд “Монгол хүн байна даа, амны хаалтаа зүүцгээе” уриалга дэвшүүлэн сурталчилгаа хийж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчилж, цаг наргүй ар гэрээ орхин хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа, 0-11 насны хүүхэдтэй алба хаагчдын ар гэрийнхэнд сэтгэлийн дэм өгөх “талархал” үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна.

Тэдний зүгээс алба хаагчдын ар гэрийнхэнд зориулан талархлын захидал бичиж, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөмжийн хамт хүргүүлжээ.

Байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс дээрх санаачилгыг дэмжин бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг өгч байна. Эхний ээлжинд 700.0 гаруй мянган төгрөгийн хандив цугларсныг “талархал” аяныг санаачлагчид захидлынхаа хамт алба хаагчдын гэр бүлд хүргэж өгчээ.

Гэр бүл, үр хүүхдүүддээ зарцуулах цаг гаргаж амжилгүй хүн ардынхаа төлөө цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрийнхэнд ч ялгаагүй сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг аяныг санаачлагч бүсгүйчүүд олж харжээ.

Тэдний дараагийн үйл ажиллагаа гэрээсээ гарах боломжгүй байгаа бяцхан хүүхдүүдэд зориулан "Үлгэрээ сонсъё" үйл ажиллагаа байх аж.

Бид эв эетэй, нэг нэгнээ хайрлах сэтгэлтэй байж л аливаа бэрхшээлийг даван гарч чадна. Үүсээд байгаа энэ нөхцөл байдал маань бидний хүн чанар, эв нэгдэл, хувь хүн бүрийн хариуцлагын нэгэн том шалгуур болж байгааг онцлон хэлж байлаа. 

Холбоотой мэдээ