Сэлэнгэ аймаг урьдчилан сэргийлэх ажлаа сулруулахгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-07 13:48:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 6-ны оройн 22 цаг 40 минутад Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож "Ковид-19" халдварын талаарх Улсын хэмжээний мэдээллийг өгч, Сэлэнгэ аймаг урьдчилан сэргийлэх ажлаа сулруулахгүй байх талаар заавар, зөвлөмжийг өглөө.

Мөн улсынхаа хойд хилийг сахин хамгаалж байгаа Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан хаагчдад хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, багаж төхөөрөмж, хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжих термокамер, сурталчилгааны материал зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгөв. Энэ бол цаг үеэ олсон, халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан том тус дэм юм.

Сэлэнгэ аймгийн баг хамт олны ажлыг бүх талаар дэмжин хамтран ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү даргаар уламжлан Улсын Онцгой комиссын гишүүдэд Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэд, аймгийн Засаг даргын зөвлөлийн баг, Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэллээ. 

Холбоотой мэдээ