АНУ, БНСУ Америкийн цэргийг байлгах зардлын талаар дахин тохиролцож чадсангүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-03-20 14:05:06

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ Америкийн цэргүүдийг Солонгосын хойгийн өмнөд хагаст байлгахад гаргах зардлын асуудлаар санал зөрөлдөөнөө арилгаж чадсангүй гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.


“Бид тохиролцоонд хүрч чадаагүйгээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор зөвлөгөөнүүдээ үргэлжлүүлэхээр тохиролцоо. Хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн тохиролцоонд аль болох хурдан хүрэх ёстой гэдэгтэй санал нэгдсэн” гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээ АНУ-ын Лос-Анжелес хотод гурван өдөр үргэлжилсэн байна. 


Хэлэлцээ бүтэлгүйтсэн нь Америкийн цэргийн баазуудад ажилладаг Өмнөд Солонгосын ажилтнуудыг дөрөвдүгээр сард цалингүй чөлөө авахад хүргэж болзошгүй байна. Хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд тэдний цалингийн асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг Америкийн тал удаа дараа анхааруулжээ.


Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр АНУ-ыг зорихдоо энэ асуудлыг тусдаа хэлэлцэнэ гэж найдаж байжээ. Гэвч АНУ-ын Төрийн департамент хоёр улсын батлан хамгаалахтай холбоотой бүх асуудлыг цогцоор нь хэлэлцэх шаардлагатай гэсэн өмнө байр сууриа баримталсан байна. Талууд хэлэлцээний дараагийн үе шатыг товлоогүй байна.


БНСУ-ын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Вашингтон энэ онд Солонгосын хойгт цэргээ байлгах зардлыг нөхөхийн тулд Сөүлээс 4 тэрбум ам.доллар гаргахыг шаардаж байгаа аж. Хэдийгээр энэ нь Америкийн талын өмнө нь хүссэн хэмжээнээс нэг тэрбум ам.доллароор бага боловч БНСУ энэ дүнг хэт өндөр гэж үзэж байгаа аж.


Америкийн цэргийг Өмнөд Солонгост байлгах зардлыг хувааж төлөх асуудлаарх хэлэлцээний зургаа дахь үе шат 

энэ оны нэгдүгээр сард болсон юм. Өмнөх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусчээ. 

Холбоотой мэдээ