Амьдрах орчноо сайжруулах цахим санал асуулга үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-25 12:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд SmartUB аппликэйшныг ашиглан Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн санал асуулгыг иргэдээс авч байна.


ОНХС-гийн санал асуулгын зорилго нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгуудын хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.


Тус сангаар тухайн бүс нутагт шаардлагатай байгаа гэрэлтүүлэг, камержуулалт, биеийн тамир, чийрэгжүүлэлт болон тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт зэрэг иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн олон төрлийн бүтээн байгуулалтыг иргэдийн саналд үндэслэж хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой юм.


Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэн хамрагдах боломжтой. Энэ санал асуулга 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний хооронд явагдаж байна.


Иймд иргэн таныг ухаалаг утсандаа SmartUB аппликейшнийг татан авч ОНХС-гийн 2021 оны цахим санал асуулгыг сонгон саналаа өгч, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахад хувь нэмэр оруулахыг уриалж байна.



Холбоотой мэдээ