"Урт цагаан"-ыг буулгах, шинэчлэхийг НИТХ шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-27 15:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх үйлчилгээний "Урт цагаан" төвийн байрыг буулгах талаар НИТХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг мөн НИТХ гаргана гэж Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба өнөөдөр мэдэгдлээ. 


Үүний өмнө тус төвийн түрээслэгч нартай уулзаж, саналыг авч байна. Тэдгээрийг нэгтгээд дээр нь мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд үндэслэн хавсаргаж НИТХ-д танилцуулна гэв. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн талаар тэрээр хэлэхдээ, “2009-2019 онд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагч нарын гаргасан 10 гаруй дүгнэлт бий. 

Дүгнэлтээр уг төвийн барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иргэд, ААН-үүд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа.


Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, ААН-ийн төлөөлөлтэй хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэдийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар ирж уулзах урилгыг хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.

“Урт цагааны барилгад галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй байна. Гуравдугаар сарын 6-нд тус барилгын цэвэр усны шугам хагарч, барилгын суурин доогуур хөрсөнд 10 орчим сая төгрөгийн ус алдагдсныг Ус сувгийн удирдах газраас акт тогтоожээ. 


НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлт 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэж гарсан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан” гэв.


Нийслэлийн өмчийн III байр болох “Урт цагаан" төвийн түрээсийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, ААН хийжээ. Нэг ам.метр талбайг 9000 төгрөгөөр түрээсэлсэн. 20-30 жил түрээсийн гэрээний хугацаа өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр дууссан ч нийслэлээс нэг сар сунгасан нь өнөөдөр ийнхүү тасалбар болж байгаа аж. 

Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ