Р.Отгонтулга: Иргэн н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-29 17:08:20

НӨАТ-ын урамшуулал сугалааны Супер азтан буюу 400 сая төгрөгийн азтанаар тодорсон гэх өргөдлийг хоёр иргэнээс ГТЕГ-т ирүүлсэн талаар өнөөдөр НӨАТУС-ын нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэв.

НӨАТ-ын сугалааны анхны супер азтан буюу 400 сая төгрөгийн баримт  гуравдугаар сарын 20-нд тодорсон. Гэвч тухайн үед баримтыг www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлээгүй байсан бөгөөд хуулийн дагуу 3 сарын дотор ГТЕГ-т шагналаа авах хүсэлтээ ирүүлэх ёстой. Харин энэ сард хоёр иргэнээс ГТЕГ-т 400 сая төгрөгийн эзнээр тодорсон тухай хүсэлт ирсэн.

Сугалаагаар хоёр азтан тодрох боломжгүй. Өөрөөр хэлбэл, сугалааны дугаараас гадна QR код баримтыг баталгаажуулж байгаа тул давхардах боломж байхгүй. Өргөдөл өгсөн эхний иргэн буюу н.Алтанзулын баримтын QR код элэгдлээс болж арилсан байсан тул лабораторит шинжилгээнд илгээжээ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах бөгөөд тухайн үед нь нийтэд мэдээлэх болно хэмээн Р.Отгонтулга захирал хэллээ.

Тэрбээр, “Хоёр дахь хүсэлт буюу иргэн н.Цээпилийн баримтын QR код сугалаанд хожсон баримттай нийцээгүй. Тиймээс н.Цээпил албан ёсны азтан биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. QR код давтагдашгүй бөгөөд зөвхөн ГТЕГ-аас мэдээллийн сангаас л гарах боломжтой. Бусад газарт дуурайлгах боломжгүй” хэмээв.

Мөн хуурамч баримт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагуудаас шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлийн шинжийг судлан хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ГТЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Доржсүрэн хэллээ.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш нийт 9 удаагийн сугалаа зохион байгуулж 94 мянга гаруй азтан тодорчээ. Эдгээр иргэд 3.8 тэрбум төгрөг хожсон бөгөөд одоогоор 986 сая төгрөг азтануудын дансанд шилжээд байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ