Дүүргүүд жендэрийн мэргэшсэн ажилтантай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-31 16:32:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг нийгмийн бүх түвшинд жендерийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор  боловсруулсан гэдгийг НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа танилцуулав. 

Дэд хөтөлбөр 2 үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөнд 4 зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Нийслэл, дүүрэгт жендэрийн чиглэлээр мэргэшсэн, жендерийн асуудлыг дангаар хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болох, 
  • Нийт 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, 
  • мөн эрэгтэйчүүдийн сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр төв байгуулан, мэргэшсэн эмч, сэтгэл зүйчдийг бэлтгэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт ажлыг тусгажээ.

Дэд хөтөлбөрийг НҮБ-аас баталсан Дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийн 5-р зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжил-2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоотой боловсруулжээ. 


Холбоотой мэдээ