Японы Засгийн газар орлого нь буурсан иргэддээ дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-03 11:59:57

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас орлого нь буурсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин мэдээлжээ.


Шинэ арга хэмжээнд өрх бүрт 200 мянган иен (1085 ам.доллар) хуваарилахаар тусгасан байна. Санхүүгийн энэхүү дэмжлэгийг орлого багатай эсвэл вирус тархсаны улмаас орлого нь сүүлийн саруудад огцом буурсан гэр бүлүүд хүсэх боломжтой. Японы Засгийн газар ирэх долоо хоногт шинэ төлөвлөгөөнийхөө заалтуудыг батлахыг зорьж байгаа бөгөөд энэ зорилгоор төсөвт хийх тодотголыг тавдугаар сар гэхэд батлах төлөвтэй байна гэж “Yomiuri” сонинд тэмдэглэсэн байна.


Японы эрх баригчид өмнө нь коронавирусний цар тахлын нөхцөлд компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг их наяд иений багц арга хэмжээг баталсан юм. Үүнээс гадна, тус улсын Төв банк энэхүү арга хэмжээтэй холбогдуулан мөнгөний бодлогоо зөөлрүүлж буйгаа мэдэгджээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 3500 орчим хүн коронавирусний халдвар авч, 82 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн 712 нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд бөгөөд уг хөлөг онгоц дээр халдвар авсан 11 зорчигч нас барсан байна.


Холбоотой мэдээ