АНУ жижиг бизнес эрхлэгчдэд 2.3 тэрбум долларын зээл олгоно

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-04-04 12:12:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын эрх баригчид коронавирусний халдварын цар тахлын үед жижиг бизнесийг дэмжих зорилгоор 2.3 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон тухай тус улсын Сангийн сайд Стивен Мнучин “Fox Business” телевизэд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.


“Эхний зээлийг баасан гаргийн өглөө гаргасан. Бид жижиг бизнесийг дэмжих санхүүжилтийг аль болох хурдан гаргаж өгөх ёстой. Гурваас дөрвөн сараар хүлээж болохгүй. Энэ хөтөлбөрт 800 гаруй банк оролцох бөгөөд жижиг бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалах боломжтой болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


“Ирэх долоо хоногт бүх том банк энэ хөтөлбөрт хамрагдана гэж бид найдаж байна. Жижиг бизнес эрхлэгчид банкан дээр биечлэн очих шаардлагагүй, зээл авах баримт бичгийг цахим хэлбэрээр бөглөх боломжтой. Хэрэв бидэнд хөрөнгө мөнгө хангалттай хүрэлцэхгүй бол энэ хөтөлбөртөө нэмэлт санхүүжилт авахаар Конгресст хандана" гэж тэрбээр нэмж хэлжээ.


Коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад чиглэсэн, эдийн засагт дэмжлэг үзүүлэх 2 их наяд ам.долларын арга хэмжээний тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 27-нд гарын үсэг зурсан юм. Уг баримт бичигт ажилгүйчүүдэд тэтгэмж олгох, эмнэлгүүдэд тусламж үзүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар тусгажээ.  Үүнээс гадна, АНУ-ын иргэн бүр 1200 орчим ам.долларын нэг удаагийн тусламж авна.  


Холбоотой мэдээ