Японд сүмо бөх халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-04-10 13:48:19

ТОКИО. /Kyodo/. Нэгэн сүмо бөхөөс коронавирусний халдвар илэрлээ гэж Японы Сүмо бөхийн холбооноос өнөөдөр мэдээллээ. Тус улсын эртний спортын төрөлд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.


“Хэн болох, биеийн байдал нь ямар байгаа талаар хараахан мэдээлээгүй байгаа сүмоч доод зиндаануудын нэгд хамаарагддаг” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаргаас халуурч эхэлсэн бол түүнтэй хамт байсан хүмүүст халдварын шинж тэмдэг илрээгүй байна.


"Халдвар бидний эргэн тойронд байгааг энэ тохиолдол ойлгууллаа. Халдвар авсан бөхийн биеийн байдал хүндрэхгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэж Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма мэдээлжээ.


Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан томоохон тэмцээнүүдийнхээ хуваарь, зохион байгуулалтыг өөрчлөхөөс аргагүйд хүрсэн Сүмо бөхийн холбооны хувьд энэхүү үйл явдал нь өөр нэгэн шинэ цохилт болсон байна.


Сүмо бөхийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын башёг Осака хотноо танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулсныхаа дараа Токио хотод болох зуны тэмцээнээ хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд эхлүүлэхээр болсон юм. Холбооны мэдээлснээр, уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах эсвэл цуцлах эсэхийг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх ажээ.  


“Дэлхий дахины нөхцөл байдал улам ноцтой болж байна. Бид цаашид хэрхэх эсэхээ уулзаж байж шийднэ” гэж Шибатаяма хэлжээ. Гуравдугаар сарын башёгийн үеэр маэгашира Чиёмарү халуурсны улмаас тэмцээнээ орхисон боловч түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хэн нэгэн бөхөөс халдвар илэрсэн тохиолдолд Осакагийн башёг шууд цуцлах байсан юм. 

Холбоотой мэдээ