Энэ жил нийт 191 мянган га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-22 10:38:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэрэгцээт үр тарианы 60-аад хувийг дангаараа үйлдвэрлэдэг, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт хаврын ажил ид өрнөж байна.

Өнгөрсөн намар байгаль цаг уурын нөхцөл байдлын улмаас ургац хураалтад хүндрэл бэрхшээл учирсан хэдий ч Сэлэнгийн тариаланчид өөрсдийн мэдлэг туршлага, техникийн хүчин чадлыг зөв зохистой хуваарилан төлөвлөсөн ургацаа хураан авсан. Харин одоогоор энэ жилийн тариалалтын бэлтгэл ажил эхлээд явж байна. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн зарим нутгаар нэлээд гандуу байлаа. 7-р сарын 15-д хүрч байж бороо орсон нь оройтоход хүргэсэн байна. Хэдийгээр намар оройтож бороо орсон, гантай байсан ч тариаланчид багагүй тариа хураан авчээ. Энэ жилийн хувьд өвөл маш бага цас орсон. Хавар эрт цас хайлж дууссан гээд газар тариалангийн ажилд багагүй бэрхшээл гарч байна.

Тариаланчдын ярьж буйгаар яг одоохондоо бол хөрсний чийг арай гайгүй байгаа боловч цаашид бороо чийг өгөхгүй бол урд жилүүдээ давтах, ган болох нөхцөл болж магадгүй гэв. Мэдээж тариаланчид уриншид будаагаа тариалах нь нэн түрүүний зорилго байгаа. Ирэх 5 дугаар сарын цаг агаарын нөхцөлийг харж байгаад эрт, орой тариалах эсэхээ шийдэх аж. Уриншид тариалсан будаа ган гачиг болоод хуурайшилтыг даваад гарах чадалтай байдаг байна. Өнгөрсөн жилийн улаанбуудай тааруухан байснаас зарим аж ахуйн нэгж үрээ нөөцөлж авч чадаагүй байна. Иймээс тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр авах хүсэлтээ өгөөд байгаа аж. Мөн үрээ шинэчлэх шаардлагатай байгааг ч тариаланчид ярьж байна.    

Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн 2019 онд 153,4 мянган га-д үр тариа, 12,7 мянгад га-д тэжээлийн ургамал, 35,7 мянган га-д техникийн ургамал, 204 мянган га-д төмс, 2,5 мянгад га-д хүнсний ногоо тариалсан. Харин энэ жил нийт 191 мянган га-д тариалалт хийх бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.

Холбоотой мэдээ