Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдол буурчээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-04-24 13:36:25

ВАШИНГТОН. /CNBC/. Шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс дэлхий даяар хөл хорио тогтоосны дараа томоохон хотуудын агаарын бохирдол урьд хожид үзэгдээгүйгээр буурлаа.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар 2.6 сая хүн халдвар авч, 183820 хүн нас барсан байна. 


Хүмүүс гэрээсээ гарахгүй байгаатай холбоотойгоор байгаль орчинд олон өөрчлөлт бий болж, зэрлэг амьтад гудамжаар хэсүүчилж, утаатай тэнгэр цэлмэж эхэлжээ.


Энэтхэгийн Пунжаб мужийн оршин суугчид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа Хималайн нурууны цаст оргилыг харж эхэлсэн юм. Мөн Шинэ Дели хотын агаар дахь бохирдуулагчдын хэмжээ 60 хувиар буурсан байна.


АНУ-даа утаа ихтэйд тооцогддог Лос-Анжелес хотын агаар дахь азотын давхар ислийн түвшин огцом буурчээ.


Гэсэн хэдий ч эдгээр үзэгдэл хязгаарлалтуудыг цуцлах хүртэл богино хугацаанд үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.


Катмандугаас Лангтангийн нуруу харагдав



Балбад өнгөрсөн гуравдугаар сарын 29-нөөс хөл хорио тогтоосноос хойш зургаан хоногийн дараа тус улсын нийслэл Катманду хотоос Лангтангийн нуруу харагдаж эхэлжээ. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэгд тооцогддог Катмандугийн хөндийн агаарын чанар хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас ийнхүү сайжирчээ.


Шинэ Дели дэх “Энэтхэгийн хаалга”



Энэтхэгт хөл хорио тогтоохоос хэдхэн сарын өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 17-нд авсан “Энэтхэгийн хаалга”-ны зургийг энэ сарын 8-ны зурагтай харьцуулахад ийм өөрчлөлт харагджээ. Тус улсад гуравдугаар сарын 25-наас хөл хорио тогтоосон юм.


Лос-Анжелесийн тэнгэр цэлмэв



Лос-Анжелес хотын агаар дахь азотын давхар ислийн түвшин хөл хорио тогтоосноос хойш огцом буурчээ.


Жакартад утаа багасав



2019 оны долдугаар сарын 4-нд авсан гэрэл зурагт Индонезын нийслэл Жакарта хотын өндөр барилгуудын дээгүүр утаа бүрхсэн байсан бол энэ сарын 16-ны байдлаар ингэж харагдаж байна.


Лос-Анжелесийн хурдны замууд эзгүйрэв



Лос-Анжелест гуравдугаар сарын 20-нд хязгаарлалт тогтоосноос хойш хурдны замын хөдөлгөөн эрс буурсан байна.


Манила хотын агаарын чанар сайжрав



Дэлхийд агаарын бохирдлын түвшнээрээ дээгүүр жагсдаг Филиппиний нийслэл Манила хотын агаарын бохирдлын түвшин гуравдугаар сарын 16-наас хойш 180 хувиар буурчээ.


Испани даяар агаарын бохирдол буурав



Европын Сансар судлалын агентлагийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзэхэд Испанийн агаарын бохирдол энэ оны гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс огцом буурсан нь илт харагджээ.


Парис хотын тэнгэр цэлмэв



Эйфелийн цамхаг Парис хотын захаас энэ сарын 22-нд ингэж харагджээ. 

Холбоотой мэдээ