Цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-01 15:03:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын нэгдсэн үзлэгийг Баруун-Урт суманд явуулж байна. Цэргийн насны залуучуудын идэвх оролцоо сайн байгаагаас гадна эрүүл мэндийн байдал урьд жилүүдээс сайжирсан байна гэдгийг аймгийн Цэрэг татлагын товчооноос мэдэгдлээ.

Цэрэг татлагын комисс сумдад ажиллаад ирсэн. Залуусын дунд мэс заслын болон ясны гэмтэл, хугарал, сүрьеэгийн өвчлөл их байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ энэ нь зөвхөн энэ удаагийн үзлэгт орж байгаа залуусын дунд байгаа зүйл. Ерөнхийд нь авч үзвэл урьд жилүүдтэй харьцуулахад цэргийн насны залуусын өвчлөл бага, эрүүл мэндийн байдал сайн байна гэдгийг Цэрэг татлагын товчооны ерөнхий эмч, дэд хурандаа Л.Лувсандорж хэллээ.


Энэ жилийн тухайд цэрэг татлагын ажлыг онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явуулж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдийг нэг дор олноор бөөгнөрөх явдал үүсгэхгүй байхад анхаарч байна. Тодруулбал, сумдыг тусгай цагийн хуваарийн дагуу үзлэгт хамруулж, мөн эцэг эхчүүдийг ирэхийг хоригложээ. Үүнд аймгийн Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр ээлжинд тус аймгийн долоон сумаас цэрэг татаж байгаа. Эхний шатны үзлэгийг сум сумандаа тусгай зөвлөмжийн дагуу зохион байгуулсан юм.

 

Холбоотой мэдээ