Нетаньяху: Палестины газар нутгийг нэгтгэх цаг нь болсон

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-18 10:42:15

ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гуравдугаар сарын 2-ны сонгуулийн дараа байгуулсан 35 дахь Засгийн газрыг төлөөлөн тус улсын Кнессетэд /парламент/ үг хэлэхдээ, Иордан голын баруун эрэг болон Иорданы хөндийн еврейчүүдийн ашиг тусын тулд Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.


“Эдгээр нутаг дэвсгэр нь еврей түмний үүсэж, хөгжсөн газар юм. Энэ газруудад Израилын тусгаар тогтнолыг өргөжүүлж, соинизмын түүхэнд бас нэгэн бүлгийг бичих цаг нь ирсэн” гэж тэрбээр Кнессетийн тусгай хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэнийг тус улсын парламентын сувгаар шууд дамжуулсан байна.


Израилын 35 дахь Засгийн газрыг Нетаньяхугийн “Ликуд” нам болон тус улсын армийн Ерөнхий штабын дарга асан Бени Ганцын “Кахоль-Лаван” намын хооронд байгуулсан эвслийн хэлэлцээрийн хүрээнд эмхлэн байгуулжээ. Уг баримт бичигт заасны дагуу Нетаньяху болон Ганц нар 18 сарын хугацаатай ээлжлэн Ерөнхий сайдын албыг хаших аж. Улстөрчдийн хооронд байгуулсан хэлэлцээр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний дагуу Иордан голын Баруун эргийн зарим хэсэгт тусгаар тогтнолыг өргөжүүлэх алхмыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжийг олгож байгаа аж.  


Ням гарагт тангараг өргөсөн шинэ Засгийн газар нь 36 сайдтай бөгөөд Израилын түүхэн дэх хамгийн том танхим болсон байна.

Холбоотой мэдээ