Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-05-20 09:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд хэсэг иргэн хандаад байна. 

Тодруулбал, тэднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20-р зүйлийн 20.7.3 дахь заалт, 55-р зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргана. Эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16-р зүйлийн 3, 12, 14 дэх заалт, 19-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ.  

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулаад байна. Тиймээс энэ талаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 5 дугаар сарын 27-ны 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байгааг Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Холбоотой мэдээ