БНХАУ Хонконгт бослого, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх хууль хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-22 11:28:18

БЭЭЖИН. /BBC/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор хэсэг завсарласныхаа дараа өнөөдөр эхэлж буй Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад “бослого үймээн, салах тусгаарлах, төрөөс урвасан хэрэгт” хариуцлага хүлээлгэх талаар заасан “Хонконгийн хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох тухай” хуулийн төслийг оруулжээ.  


Энэ мэдээлэл гарсны дараа Вашингтон эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдээд, хэрэв хуулийн уг төслийг баталбал хариу арга хэмжээг хатуу авахаа мэдэгдсэн байна.


1997 онд Хонконгийг Их Британиас Хятадад шилжүүлэх үед баталсан Үндсэн хуулийн аналог болох Хонконгийн Үндсэн хууль нь Бээжинд ийм эрхийг өгдөг боловч Хятадын эрх баригчид өнөөг хүртэл үүнийг хийхээс татгалзсаар иржээ.


Хонконгийн ардчилсан үнэт зүйлийг дэмжигчид энэ алхмыг Хонконгт эрх чөлөөг бүдгэрүүлэх, тэгшитгэн арилгах гэсэн Хятадын коммунист удирдлагын бас нэг оролдлого гэж үзэж байна.


2003 онд Хонконгийн хууль тогтоох зөвлөлөөр дамжуулан “бослогын тухай” гэх нэртэй хууль хэрэгжүүлэхийг оролдсон боловч олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас бүтэлгүйтжээ. Энэхүү эсэргүүцлийн ажиллагаанд Хонконгийн дор хаяж хагас сая оршин суугч оролцож байсан юм.


Өнгөрсөн жил өрнөсөн олон сая жагсаал долоон сарын турш үргэлжилсэн билээ. Үүний шалтгаан нь Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн гэж сэжиглэгдэж буй хүмүүсийг эх газарт шилжүүлэн өгөх боломжийг олгосон хуулийн төсөл байв. Эцэст нь Бээжинд үнэнч засаг захиргаа түүнийг эргүүлэн татахаас аргагүйд хүрсэн билээ.


Даваа гарагт Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн хурлаар Хятадын бусад нутаг дэвсгэрийн нэгэн адил БНХАУ-ын төрийн дууллыг үл хүндэтгэсний төлөө шийтгэл ногдуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд зодоон болжээ.



Хонконгийн хууль тогтоох зөвлөл аюулгүй байдлын тухай хуулийг батлах чадваргүй болсон учир Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал санаачилгыг гартаа авахаас аргагүйд хүрсэн гэж Эх газрын Хятад дахь нэрээ нууцалсан эх сурвалж англи хэлээр гардаг Хонконгийн “South China Morning Post” сонинд мэдээлсэн байна.


Одоо БНХАУ-ын төв Засгийн газар үүнийг Хонконгийн Үндсэн хуулийн III хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах замаар хийхээр төлөвлөж байгаа аж.  Уг хавсралтад Хонконгт мөрдөх ёстой бүх  хууль тогтоомжийн жагсаалтыг оруулсан байдаг байна.


Дээрх санаачилга нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг цаашид улам боловсронгуй болгоход чиглэгдсэн гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хэвлэлийн нарийн бичгийн дарга пүрэв гарагт мэдэгджээ. “Үндэсний аюулгүй байдал нь тогтвортой байдлын тулгын чулуу бөгөөд түүнийг хангах нь бүх хятад, тэр дундаа бидний эх орон нэгт хонконгчуудын эрх ашигт нийцнэ” гэж тэрбээр хэлэв.


Өнгөрсөн жилийнхтэй адил эсэргүүцлийн ажиллагаа болж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор Хонконг долларын ханш  пүрэв гарагт огцом унажээ. Ажиглагчдын дийлэнх нь эсэргүүцлийн ажиллагаа болох магадлалыг маш өндөр гэж үзэж байна. 


Есдүгээр сард Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн сонгууль болно. Хэрэв энэ сонгуульд Ардчилсан хүчнийхэн өнгөрсөн жилийн дүүргийн засаг захиргааны сонгуульд гаргасан амжилтаа давтвал Хятадын талыг баримтлагчдаас танилцуулсан хуулийн төсөлд хориг тавих боломжтой болно.


 


Холбоотой мэдээ