БНСУ Ким Жөн Уны талаарх мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-05-22 12:21:09

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны байгаа газрын талаарх мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байна гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээллээ. 


БНАСАУ-ын удирдагчийг өнгөрсөн дөрөвдүгээр сард 20 хоногийн турш олны өмнө гарч ирээгүйтэй холбоотойгоор түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаглалыг дэвшүүлсэн боловч тэрбээр тавдугаар сарын 1-нд бордооны үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцсоноор уг цуурхлыг намжаасан билээ.


Уг үйл явдлын дараа Ким Жөн Ун ахин гурван долоо хоногийн турш олны өмнө гарч ирээгүйн улмаас түүний хаана байгаа талаарх таамаглалууд дахин гарч эхэлсэн байна. Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Ёо Сан Кэйгээс Ким Жөн Уны байгаа газрыг мэдэж байгаа эсэх талаар асуухад, холбогдох албаны төлөөлөгчид энэ талаарх мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байна гэж хариулжээ.


Ким Жөн Ун олны өмнө харагдахгүй удах нь ховор үзэгдэл биш юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд Цагаан сарын баярын тоглолтыг үзэж сонирхсноосоо хойш эцгийнхээ мэндэлсэн өдрийг хүртэл /хоёрдугаар сарын 16/ гурван долоо хоногийн турш олны өмнө гарч ирээгүй юм.


Мөн БНАСАУ-ын удирдагч 2014 оны есдүгээр сард 40 хоног олны өмнө харагдахгүй байсны дараа 10 дугаар сард таягтай гарч ирж байжээ. БНСУ-ын Тагнуулын агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун тухайн үед зүүн хөлнийхөө шагайнаас уйланхай авхуулсан байна. 

Холбоотой мэдээ