Завханы сонгуулийн хороонд таван нам, найман бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 22:57:49

Завхан аймгийн сонгуулийн хороо байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд байгаа билээ. Сонгуулийн хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг дарга Ч.Дэмчигсүрэнгээс тодрууллаа.

-Сайн байна уу. Аймгийн сонгуулийн хороо хэзээ байгуулагдав?

-СЕХ-оос аймгийн сонгуулийн хорооны дарга нарт албан тоот, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан СЕХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай 21 дүгээр тогтоолыг зөвлөмжийн хамт бидэнд хүргүүлсэн. Энэ хүрээнд сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сумын сонгуулийн хороодоо байгуулж сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан СЕХ-ны даргын тоот мөн ирсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 18-нд СЕХ хуралдаж аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулаад байна.

-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үнэдслэн Монгол улсын СЕХ-оос ирүүлсэн тогтоолд нэгдүгээрт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр баталсугай, хоёрдугаарт Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулахыг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай, гуравдугаарт Сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг аймаг нийслэлийн сонгуулийн хорооны дарга нарт даалгасугай гэсэн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэй тогтоол ирсэн байгаа.

-Аймгийн сонгуулийн хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бэ?

-Манай аймгийн УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй баталсан байгаа. Тодруулбал сонгуулийн хорооны даргаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн миний бие, нарийн бичгийн даргаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Нямжав томилогдон ажиллаж байна. Гишүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Дүүрэнбилэг, аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн Б.Бат-Амгалан, аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Чимэддорж, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Н.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Д.Үнэнхүү, аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч М.Цэнд-Аюуш, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ерөнхий нягтлан бодогч А.Дайриймаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр манай аймгийн сонгуулийн хороог баталсан байгаа. Мөн бид бичиг хэргийн ажилтан ажиллуулах ёстой учраас гэрээт бичиг хэргийн ажилтан авна. Нягтлан ажиллуулах ёстой бөгөөд түүнийгээ дотроосоо шийдэж томилоод явж байгаа.

-Аймгийн сонгуулийн хорооны хувьд эхний ээлжинд ямар ямар ажлыг хийв?

-Бид ажил үүргийнхээ хуваарь, төлөвлөгөөг гаргаад явж байна. Мөн сонгуулийн хуулийн дагуу календарчилсан төлөвлөгөөг гаргасан байгаа. Сонгуулийн хороо байгуулагдсан цагаасаа хойш таван удаа хуралдаад байна. Учир нь ажил нилээн шахуу төлөвлөгдсөн. Эхний ээлжинд сонгуулийн хорооны данс нээгдээд захирамжаар нягтлан томилон гарын үсгийн баталгаагаа нотариатаар батлуулж өгөөд байгаа. Түрүүчийн санхүүжилт орж ирэхээр бусад ажил үргэлжлээд явагдана.

-Сонгуулийн хороодод ажиллах даамлуудыг сургаж дадлагажуулсан уу?

-Сонгуулийн хорооны маань дэргэд таван хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн баг гэж ажиллана. Энэ баг сонгуулийн хороогоор батлагдах бөгөөд 05 дугаар сарын 02-ноос эхлэн төвд сургалтанд хамрагдана. Тэд сургалтанд хамрагдаж ирээд мэдээлэл технологийн даамлууд буюу хэсгийн хороодод сургалт явуулах юм. Төсөв мөнгөтэй холбоотойгоор зарим суманд нэг байранд хоёр гурван багийн санал хураалт явагддаг учраас биднийг СЕХ-оос санал хураах байрыг нэгтгэх саналаа өг гэж байгаа ч одоохондоо аймгийн ИТХ-ынхан байхгүй байгаа учраас тэдэнтэй хамтарч хийх ёстой нэгтгэх санал нэмж өгөөгүй байна. Тиймээс манай аймгийн 115 баг хэсэгт санал хураалт явагдах хэвээрээ байгаа. Ер нь бол биднээс өмнө аймгийн иргэдийн хурлаар дамжаад сонгуулийн хороонд ажиллахаар СЕХ-ны санд бүртгэгдсэн хүмүүсийг сургалтанд хамруулан сертификатжуулсан юм байна лээ. Тэнд нэг сумаас дөрөв, зарим сумууд онлайнаар бүртгүүлээд олон хүн хамруулсан. Дөрвөөс цөөхөн хүн хамрагдсан сумууд ч байгаа.

-Тэгвэл сонгуулийн сумын хороодыг хэрхэн байгуулж байгаа вэ?

-Санд бүртгэгдсэн сертификаттай хүмүүсийг авч сонгуулийн сумын хороогоо 04 дүгээр сарын 25-ны дотор байгуулах ёстой байсан учраас манайх 04 дүгээр сарын 22-нд хуралдаад ерөнхийдөө баталсан байгаа. Яагаад 25-наас өмнө баталсан бэ гэхээр ажлын бус өдрүүд таарсантай холбоотой. СЕХ-оос ирсэн зөвлөмжийн дагуу угаасааа 25-ныг оролцуулахгүй батал гэсэн учраас. Ерөнхийдөө бүх аймгууд адилхан. Сонгуулийн хорооны есөн гишүүний наймд нь сумуудаа гурав гурваар нь хуваарилан бичиг баримтаа хүргүүлж байна.

-Сумын сонгуулийн хороод хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байгаа вэ?

-Сумын сонгуулийн хороог дээрээс өгсөн зөвлөмжийн дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд тухайн сумын сонгуулийн хороог байгуулсан тухай манай тогтоол, хавсралтаар хүргүүлсэн. Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг олон хүн амтай сумдыг долоон хүний бүрэлдэхүүнтэй баталсан байгаа. Энэ жилийн хувьд төсөв мөнгөний асуудалтай холбоотойгоор цөөн, чанартай хүмүүсээр сумын сонгуулийн хороог батал гэсэн зөвлөмж ирсэн.

-Та бүхэн сумдын сонгуулийн хороодтой хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Сонгуулийн хуулиуд, сонгуулийн хороонд ажиллах хүмүүсийн тоо болон санал хураах байрны тоогоор календарчилсан төлөвлөгөө ирснийг сумдын сонгуулийн хороодод дамжуулж байна. Мөн тухайн сонгуулийн хороод өөрсдийн тамга тэмдэгтэй учраас түүнийг нь хүргүүлсэн. Бид СЕХ-оос ирсэн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Үүнтэй адилаар бидний зүгээс ч сумдад тохирох зөвлөмжүүдийг хүргүүлж байна. Сонгуулийн хороонд төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Дээрээс нь түрүүчийн сургалтын дараа тодорхой хэмжээний сертификат үлдсэн. Түүнийг өмнөх сургалтанд хамрагдсан хүмүүс өөрсдийн сумандаа очин төрийн албан хаагчдад сургалт явуулан сертификатжуулах юм. Ажил маань энэ мэтчилэнгээр графикийнхаа дагуу явагдаж байна.

-Сонгуульд өрсөлдөх нам, бие даан нэр дэвшигчдийн бүртгэл, тоо гарсан уу?

-04 дүгээр сарын 30-ны дотор мөрийн хөтөлбөрийг хүлээж авах ёстой гэж заасан учраас өнөөдөр бид намууд, бие даагчдыг бүртгэж, мөрийн хөтөлбөрийг нь хүлээж авсан байгаа. Аймгийн Аудитын газарт таван нам, найман бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хянуулан, аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлээд байна.

-Сонгуулийн хороодын төсөв хэрхэн батлагдсан бэ?

-Төсвийн данс дөнгөж л нээгдээд байгаа. Хараахан төсөв, мөнгө орж ирээгүй байна. Одоогоор ямар хэмжээний төсвөөр үйл ажиллагаа явуулах талаар бид мэдээгүй байгаа. Удахгүй хуваарлигдах байх. Сумуудын төсвийг бид хариуцахгүй юм шиг байна. Өөрөөр хэлбэл тус тусын сумдадаа хуваарилж, зарцуулна гэсэн үг. Бид хөнжлийнхөө хирээр хөлөө жийнэ гэдэгчлэн өгсөн төсөвт нь тааруулж л ажиллана. Одоогоор төрийн үйл ажиллагааг гацаахгүйн тулд зарим үйл ажиллагааг зээлээр хийж, гүйцэтгэж байна. Орон нутаг учраас ачаа барааны хөлснөөс эхлээд бусад зүйлсийг зээлээр гүйцэтгэхэд харьцангуй боломжтой гэхэд болно.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ