Ууталсан бэлгэнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн оруулсан зөрчил их байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-27 11:44:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Удахгүй болох "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр эцэг, эхчүүд хүүхэд багачуулдаа ууталсан бэлэг худалдан авахдаа хаяг шошгыг нь сайтар шалгахыг НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийхдээ зөвлөлөө. 

Учир нь багцалсан болон үнэ хямдарсан гэх бэлгэнд хугацаа хэтэрсэн, хадгалалтын стандарт шаардлага горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн савласан зөрчил гарч буйг Улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг анхаарууллаа. 

"COVID-19"-ийн цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсан. Үүнтэй холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зах зээлд хуримтлагдсан байгаа тул иргэд хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг анхааруулж байгаа аж. Энэ талаар НМХГ шалгалт явуулж байна. 



Шалгалтаар чихэр, жимс зэрэг хүнсний бараа, бүтээгдэхүүнийг буруу хадгалсан, хадгалалтын горимыг алдагдуулсан зөрчил ихэвчлэн гарчээ. Энэ дагуу 9 төрлийн 34 кг, 18 хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 30 ААН-д 28.9 сая төгрөгийн, 35 иргэнд 8.6 сая төгрөгийн нийт 37.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Мөн бараа, бүтээгдэхүүний шошгын зөрчилтэй 14 төрлийн 600 ширхэг, 1.1 сая төгрөгий хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны сүлжээнээс татаж, зөрчлийг газар дээр нь арилгуулж, хүүхэд багачуул шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэж болзошгүй эрсдэлээс сэргийлжээ. Бусад зөрчлөөс дурдвал:

  • "Нью Марс интернэйшнл" ХХК эрүүл ахуйн шарадлага хангаагүй шал нь хагарч, дээврээс ус гоожиж ханын шохой хуурч хөгцөрсөн байранд үйл ажиллагаа явуулж байсан, 
  • "Жавхлант шарга уулс", "Миний дэлгүүр" сүлжээ, "Алтанзул цэцэг" зэрэг газрын ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй байв,
  • "Болор тайж", "Жасиун", "Смарт БХД", "Сэнтрал экспресс Си Ви Эс", "Макс эксим", "Эси групп, "Роял ресурс Монголиа" зэрэг компани дотоод хяналтын журмаа мөрдөж ажиллаагүй, эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа бүрэн хангаагүй зэрэг зөрчил илэрчээ. 


Мөн "Маргаз трейд", Болор тайж", Жасиун", "Эрэс Есүхэй" ХХК-иуд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, угаалгын нунтаг, саван зэрэг ахуйн барааг хүнснийхтэй хамт тээвэрлэдэг, тээвэрлэлтийн тавиургүй, тээврийн хэрэгслээ ариутгаж халдваргүйжүүлээгүй, жолооч, түгээч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй байна. 

Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас доорх анхааруулга, зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Хүүхдүүддээ хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгон авч өгөхгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
  • Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах,
  • Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх,
  • Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.  

Мөн хүүхдийн баяраар нэгдсэн үйл ажиллагаа болохгүй,  зохион байгуулахгүй учраас бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг уриаллаа.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ