Миннеаполис хотод эмх замбараагүй байдлын улмаас онц байдал тогтоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-05-29 10:52:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарт баривчлагдаж, амиа алдсаны дараа эсэрүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан тус хотын дарга Жейкоб Фрей 72 цагийн хугацаатай онц байдал зарлажээ.


Онц байдал тогтоосноор эрх баригчид хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад нэмэлт хөрөнгө ашиглах, АНУ-ын Үндэсний гвардын цэргүүдийг эмх журам сахиулахад оролцуулах боломжтой болж буй юм. Үүнээс гадна, хотын удирдлагууд хөрш зэргэлдээ хотуудын эрх баригчдаас, мөн холбооны улсын Засгийн газраас тусламж хүсэж болох аж.


Тавдугаар сарын 25-нд 46 настай, Жорж Флойд гэдэг хар арьст эрэгтэйг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр баривчилж буйг бичсэн дүрс бичлэг сошиалд ил болсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Миннеаполис хотын цагдаа нар түүнийг гавлаж газар унагасныхаа дараа өвдөглөж хоолойг нь боожээ. Флойд амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан боловч цагдаа нар тоохгүй байсаар улмаар ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. 


Холбоотой мэдээ