Энэтхэгээс ирсэн иргэд УОК-т 120 ширхэг хамгаалах хувцас хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-29 14:11:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэн Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр хүлээлгэн өглөө. Дээрх иргэдийг энэ сарын 19-нд үйлдсэн тусгай нислэгээр татан авсан юм.


Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан иргэдээ эх орондоо авч ирсэнд гүн талархал илэрхийлье” гэв.


Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Баярсайханы Мөнх-Учралын ээж ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байжээ. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орсон бөгөөд дээрх тусгай нислэгээр эх орондоо ирсэн байна. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилжээ.


БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, цугласан 4 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авчээ. Үүнээс Улсын Онцгой комисст 120 ширхэгийг, Энэтхэгийн Элчин сайдын яаманд 120 ширхэгийг хандивлаж байгаа аж.


Улсын Онцгой комисс Энэтхэгийн Гоман, Сэра хийдэд шавилан сууж буй ламхай нарыг татан авах зорилгоор хоёр дахь тусгай нислэгийг үйлдэхээр төлөвлөж байна. Ламхай нарын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авах аж.


Энэтхэгт коронавирусний халдвар өдөрт дундажаар 7000 орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд энэ сарын 28-ны байдлаар 160 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ