Францад цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-14 14:08:48

ПАРИС. /BBC/. Францын нийслэл Парис хотод цагдаагийн ажилтнууд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн балмад зан үйлийн эсрэг тэмцэж буй идэвхтнүүдтэй мөргөлджээ. Цагдаа нар хориглосон жагсаал хийхийг завдаж, чулуу шидсэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.


АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчид жагсаж эхэлснээс хойш дэлхий даяар ийм жагсаал өрнөх болсон юм. Бямба гарагт Францын иргэд 2016 онд цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан Адама Траорег дурсан шударга ёсны төлөө жагссан байна.


Парист юу болсон бэ?

Парис хотын төвийн “Place de la République” талбайд арьсны өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэгч 15 мянга орчим хүн бямба гаргийн үдэд цугларсан байна. Тэд “Шударга ёс үгүй бол энх тайван үгүй” гэх мэт уриа хашгирч байсан бөгөөд зарим нь Бүгд Найрамдах Франц Улсын бэлгэ тэмдэг болох Марианнагийн хөшөө рүү авирчээ.



Жагсагчдын дунд Адамагийн эгч Асса Траоре байсан бөгөөд тэрбээр “нийгмийн, арьсны өнгөний, цагдаа нарын хүчирхийллийг” шүүмжлэхийг цугласан хүмүүст уриалжээ. “АНУ-д болж байгаа зүйл Францад ч адилхан болж байна. Бидний ах дүүс амиа алдаж байна” гэж Асса Траоре хэлжээ. Хэдийгээр жагсагчдыг цуглаан хийхийг зөвшөөрсөн боловч цагдаа нар тэднийг Опера бүс рүү оруулаагүй байна. Үйлчилгээний газруудад хохирол учирж болзошгүй тул уг хэсэгт жагсахыг хориглосон байжээ.



Le Parisien” сонинд мэдээлснээр, цагдаа нар 26 хүнийг байцаажээ. Жагсагчид бямба гаргийн орой гэхэд тарсан байна. Мөн Парисаас гадна Лион, Марсель зэрэг хотод цөөн хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.


Францын цагдаа нар яагаад олон нийтийн анхаарлын төвд оров?

“Манай байгууллагад өнгөрсөн онд цагдаагийн эсрэг 1500 орчим гомдол ирсэн” гэж Францын цагдаагийн газрын хяналтын байгууллагаас мэдээлсэн бөгөөд тэдгээр гомдлын тэн хагас нь хүч хэрэглэсэнтэй холбоотой байжээ.



Сүүлд болсон нэгэн явдлыг иш татвал, өнгөрсөн сард скутер хулгайлахыг завдсан хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан 14 настай хүүг хүнд гэмтээсэн хэмээн цагдаа нарыг буруутгасан байна.  


Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер цагдаа нарыг боох мэх ашиглахыг хориглож буйг даваа гарагт мэдэгджээ. Мөн тэрбээр хууль сахиулах байгууллагад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байх ёсгүй хэмээн хэлээд, ийм асуудалд холбогдсон цагдаа нарыг чөлөөлнө гэж мэдэгджээ.


Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод Африк гаралтай Америк иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш Франц тэргүүтэй олон оронд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал өрнөж эхэлсэн юм.   

Холбоотой мэдээ