Германы хил дээр тогтоосон бүх хязгаарлалтыг цуцалжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-15 10:45:39

БЕРЛИН. /TASS/. Германы эрх баригчид улсынхаа хил дээр тогтоосон сүүлчийн хязгаарлалтыг өнөөдөр цуцаллаа. Одоо тус улсын иргэд коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө зорчиж байсантай адил хилээрээ саадгүй зорчих боломжтой болж байна.


Германы эрх баригчид гуравдугаар сарын 17-нд хилээ түр хаасан юм. Үүнээс хойш 6000 цагдаа хилийн бүсэд эргүүл хийж, сүүлийн гурван сарын хугацаанд 200 мянга орчим хүнийг Герман руу нэвтрүүлээгүй гэж тус улсын Дотоод хэргийн сайд  Хорст Зеехофер мэдээлжээ. Хилийн хяналтын дэглэмийг тавдугаар сарын дунд үеэс аажмаар сулруулсан бол одоо бүрмөсөн цуцалж байна.


Түүнчлэн Европын 29 оронд /ЕХ ба Шенгений гишүүд/ зорчихгүй байх зөвлөмж анхааруулгыг цуцалжээ. ХБНГУ-ын эрх баригчид тухайн улс орны нөхцөл байдал иргэдэд нь аюул учруулж байна гэж үзвэл зохих анхааруулга өгдөг аж. Энэхүү сэрэмжлүүлэг цуцлагдсанаар тогтмол нислэгүүд сэргэх юм.  


Үүний зэрэгцээ Европоос гадна 160 гаруй улсад зорчихгүй байх анхааруулгыг наймдугаар сарын 31 хүртэл хэвээр үлдээсэн байна. Энэ нь Герман улсын иргэд Африк, Ази, Америкийн орнуудад амралтаа өнгөрөөх боломжгүй болж байна гэсэн үг юм. Хэрэв тухайн орны эпидемиологийн байдал эрс сайжирвал есдүгээр сараас өмнө жагсаалтаас хасах боломжтой болох аж.


Хилээ нээхийн зэрэгцээ Германы эрх баригчид хэрэв гадагш зорчих үед нь коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэгдсэн тохиолдолд иргэд тулгарч болзошгүй асуудлуудыг өөрсдөө шийдэх хэрэгтэйг анхааруулж байна. Гуравдугаар сарын дундуур хязгаарлалт тогтоох үеэр Германы 240 орчим жуулчин хилийн чандад байсан бөгөөд тэднийг таван долоо хоногийн дотор эх оронд нь авчирчээ. Хоёр дахь удаагаа ийм арга хэмжээ авч чадахгүй гэдгийг Германы Гадаад хэргийн яам анхааруулсан байна. 


Германд халдварын тархалт тавдугаар сараас хумигдаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус улсад 186200 гаруй хүн коронвирусээр халдварлаж, 172 мянган өвчтөн эдгэрсэн бол 8700 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ