Австрид заавал амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-15 14:37:42

ВЕНА. /TASS/. Австрийн эрх баригчид дэлгүүр, зоогийн газар, үзэсгэлэн, дунд сургуулиудаар явахдаа иргэдийг амны хаалтаа заавал зүүхийг шаардсан дүрэм журмыг цуцалж, нийтийн хоолны газруудыг 23:00 цагаас 01:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг нь зөвшөөрчээ. 


Жижиглэн худалдаа, боловсрол, нийтийн хоол, зочид буудал, музей, шашны газруудад 6 дугаар сарын 15-наас эхлэн заавал амны хаалт заавал зүүх шаардлагагүй болж байгаа аж. Зөвхөн нийтийн тээвэр, эмнэлэг, эмийн сан болон үсчин, зоогийн газруудын ажилтнуудад л амны хаалт зүүхийг шаарджээ. Мөн эрх баригчид шөнийн цэнгээний газар, кафенуудыг 01:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн байна.


Тус улсад нэг метрийн зай барих, эрүүл ахуйн арга хэмжээ авах дүрэм журам үйлчилсэн хэвээр байгаа аж. "Амны хаалт заавал зүүхийг шаардахгүй байгаа хэдий ч олон хүн цугласан газар зүүхийг зөвлөж байна. Халдвар авсан хүний тоо дахин нэмэгдвэл хамгаалалтын арга хэмжээнүүдийг дахин чангатгах болно” гэж Эрүүл мэндийн сайд Рудольф Аншобера мэдэгджээ.


Австри 4 дүгээр сарын 14-нөөс коронавирусний дэгдэлттэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар цуцалж эхэлжээ. Тавдугаар сарын 1-нд эрх баригчид өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцалж, дэлгүүрүүд, үйлчилгээний салбарын газруудыг нээсэн бол 15-наас зоогийн газар, музей, амьтны хүрээлэн, спортын талбай, дунд сургуулиуд нээгджээ.


Мөн 5 дугаар сарын 29-нөөс зочид буудлууд, жуулчны бааз, бассейнууд нээгдэж, 100 хүртэлх хүнийг оролцуулсан соёлын арга хэмжээ явуулахыг зөвшөөрчээ. Долдугаар сарын 1-нээс эхлэн 250 хүртэлх хүнийг оролцуулсан олон нийтийн арга хэмжээг байгууламж дотор, 500 хүртэлх тооны хүн оролцсон арга хэмжээг гадна талбайд явуулахыг зөвшөөрч магадгүй байна. 

Холбоотой мэдээ