Зэвсэгт хүчний 084-р ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-05-10 14:54:57

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын эхэнд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдад бүрэлдэхүүн бэлэн жагссан тухай илтгэл өгсөний дараа Ц.Цолмон сайд Байлдааны туганд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Байлдааны туганд Цэргийн гавъяаны одонг зүүж, ангийн захирагчид нь батламжийг гардуулав. 

П.Цагаан дарга бие бүрэлдэхүүнд хандаж "Анх 1965 онд “Армийн тагнуулын рот” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 51 жилийн түүхтэй танай хамт олон шүхрийн буулт, тусгай хүчний сургалт, дадлагууд, гамшиг ослын үед өмнөө тавигдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг 3 удаа, “Тэргүүн” ангийн болзлыг 17 удаа, “Сайн” ангийн болзлыг 2 удаа хангаж үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Төр засаг, цэргийн дээд командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, улс оронд үүссэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед авран туслах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, Зэвсэгт хүчний нэр хүндийг ард түмний дунд өндөрт өргөж байгаа зэргийг нь үнэлж Чөлөөлөх дайны ялалтын 71 жилийн ой, анги байгуулагдсаны 51 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнагдсан танай хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан явдалд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадартугай гэв. Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан. 51 жилийн хугацаанд төр, засаг, Зэвсэгт хүчний дээд командлалаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэж ирсэн түүхэн замналтай анхны мэргэжлийн цэрэгтэй анги юм. 

Б.Туул

Холбоотой мэдээ