БНХАУ хулд загасны импортыг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-17 14:49:02

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Бээжин дэх коронавирусний халдварын хоёр дахь давалгааны эх үүсвэр нь халдвартай загас байж болзошгүй гэх таамаглалтай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид Европын нийлүүлэгчдээс хулд импортлохоо зогсоосон байна. Энэ талаар "South China Morning Post" сонин мэдээлжээ.


"Бид одоо Хятадад хулд загас нийлүүлж чадахгүй байна. Зах зээл хаагдсан" гэж Атлантын далайн хойд хэсэгт орших Фарерын арлуудад хулд загас үржүүлдэг "Bakkafrost" компанийн гүйцэтгэх захирал Режина Якобсен хэлснийг тус сонинд иш татсан байна.


“Бид Хятад дахь бүх борлуулалтаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн, одоо нөхцөл байдлын талаар тайлбар хүлээж байна” гэж “Norway Royal Salmon” компанийн төлөөлөгч Стейн Мартинсен мэдэгджээ.


Бээжин хотын супермаркетууд, их дэлгүүрүүд тус хотын хүнсний бөөний “Шиньфади” захын далайн гаралтай бүтээгдэхүүний тасгаас коронавирусний халдвар илэрсний дараа хулд загас худалдаалахаа больсон байна. Урьдчилсан шалгалтаар, загас ангилж ялгадаг төхөөрөмжөөс вирус илэрчээ. Гэвч Хятадын  мэргэжилтнүүд мягмар гарагт мэдэгдэхдээ, хулд загаснуудыг авчрахаас өмнө уг зах дээр коронавирусний ул мөр илрээгүй учир загас энэ халдварын тээгч байж магадгүй гэсэн байна. 


Үүний зэрэгцээ дээрх таамаг нь загасны махан хоолоор үйлчилдэг зоогийн газруудын үйлчлүүлэгчдийг сандаргажээ. "Бүх захиалга цуцлагдаж, бидний орлого бараг тэг болж буурсан" гэж Бээжингийн Чаоян дүүрэгт орших япон зоогийн газрын төлөөлөгч гомдоллосон байна. Түүний хэлснээр, үйлчлүүлэгчид зөвхөн загас төдийгүй далайн бусад бүтээгдэхүүнээр хийсэн хоол захиалахаас зайлсхийж байгаа аж.


2019 онд Норвеги улс 147.5 сая еврогоор үнэлэгдэх 23500 тонн хулд загас Хятадад экспортолжээ.


Холбоотой мэдээ