Монголын эрх баригч нам парламентын сонгуульд ялалт байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-25 13:13:45

УЛААНБААТАР. /AFP/. Монгол Улсын парламентын сонгуульд эрх баригч нам илт давуу ялалт байгуулж, дийлэнх олонхын суудал авсан нь коронавирусний цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг сайшаасан сонгогчдод шагнуулсантай ижил үйл явдал болжээ. 


Монгол Улсад коронавирусний халдварыг хязгаарлах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж, хилүүдийг хаасны улмаас бизнесийн салбарт хүндрэл учраад буй энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол ардын нам эдийн засгаа хамгаалах даалгавартай нүүр тулах юм.



Монгол ардын нам гурван сая хүн амтай, далайд гарцгүй, ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын 76 суудлын 62-ыг авсан нь өмнөх сонгуулиар авсан суудлаас гурваар цөөн юм. Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам 11 суудал авчээ. Үлдсэн суудлыг бие даан нэр дэвшигч болон хоёр шинэ гуравдагч намын гишүүд авсан байна.


"Сонгогчид коронавирусний халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй Монголын Засгийн газрын арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлагад итгэл үзүүллээ” гэж Германы “Friedrich-Ebert-Stiftung” ашгийн бус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш “AFP” агентлагт мэдээлжээ.


“Мэдээж энэхүү ялалт нь томоохон үүрэг хариуцлагыг дагуулна. Эдийн засгийн хувьд Монгол Улс хүнд цаг үетэй нүүр тулгараад байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Байгалийн баялагийн арвин нөөцтэй боловч тус улсын эдийн засгийн хөгжил сул байгаа бөгөөд 2017 онд Олон улсын валютын сангаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авсан юм.


Цар тахал нөхцөл байдлыг даамжруулж, Засгийн газар коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд кафе, зоогийн газар, пабын ажиллах цагийг богиносгожээ. Сургуулиудын сургалтын хувьд нэгдүгээр сараас хойш зогсоогоод байна.


Нүүрсний эрэлт буурч, үнэ нь унаж, хилийг хаасны улмаас уг түүхий эдийн экспорт буурсан байна. Энэ оны эхний таван сард экспортолсон нүүрсний хэмжээг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад тэн хагас гаруйгаар буюу 6.2 сая тонноор буурчээ.


Мөн сүүлийн жилүүдэд авлигын олон дуулиан гарч, ардчилсан тогтолцоонд шилжээд цөөн жилийг үзэж буй тус улсад хээл хахуулийн асуудалд санаа зовних явдал нэмэгдсэн байна.


Цар тахалтай холбогдуулан сонгуулийг хойшлуулах уриалгууд гарч байсныг үл харгалзан санал өгөх эрхтэй хоёр сая сонгогчийн дөрөвний гурав нь саналаа өгчээ.


Сонгогчид санал авах байр луу орохын өмнө хоорондоо хоёр метрийн зайтай зогсож, эмнэлгийн ажилтнуудад халуунаа шалгуулж, гараа ариутган амны хаалт зүүж, нэг удаагийн гялгар бээлий өмсөн саналаа өгсөн байна.



“Хэдийгээр цар тахал дэгдээд байгаа боловч сонгуулиа төлөвлөсний дагуу зохион байгуулж буйг зүйтэй хэмээн үзэж байна” гэж хувиараа бизнес эрхлэгч, 35 настай Э.Амарзаяа хэлжээ.


"Сонгогдсон хууль тогтоогчид бидний амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй. Бид эх орноо хөгжүүлэхийн тулд хичээх хэрэгтэй” гэж тэрбээр саналаа өгснийхөө дараа “AFP” агентлагт мэдээлсэн байна.


Би өөрчлөлтийг хүсэж байна

Одоогийн байдлаар Монголын 8000 орчим иргэн хилийн чанадад гацаад байгаа бөгөөд нэр дэвшигчид зайнаас харилцах дүрмүүдийг зөрчсөнтэй холбогдуулан тэдгээр иргэнийг эх орондоо авчрахыг уриалсан жагсаалууд тус улсад өрнөжээ.  



Монгол Улсад коронавирусний халдварын 200 гаруйхан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээр тохиолдлын дийлэнх нь ОХУ-аас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


“Би сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэж бодож байсан” гэж өөр нэгэн сонгогч, 39 настай Б.Энхцэцэг хэлжээ. “Манай улс энэ сонгуулийг зохион байгуулахын тулд олон тэрбумыг зориулж байгаа учир төсвөө үр ашиггүй зарцуулагдахаас сэргийлэхийн тулд саналаа өгч байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Улс төрийн гол хоёр нам 30-аас олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх хоригийг зөрчсөн бөгөөд сонгуулийн кампанит ажлын томоохон цуглаануудыг зохион байгуулж, зайнаас харилцах дүрмийг үл тоомсорложээ.


Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 606 хүн нэр дэвшсэний 121 нь бие даан нэр дэвшигч байсан боловч сонгогчид эрх баригч намыг сонгохыг илүүд үзсэн байна.


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Э.Гэрэлт-Одын мэдээлснээр, сонгуулийн мажоритар тогтолцоо том намуудад давуу тал олгодог байна. “Бид энэ тогтолцоогоор сонгуулиа явуулсаар байвал Монгол ардын нам үүрд ялна” гэж тэрбээр хэлжээ.


“Би саналаа өгөхөөсөө өмнөд бүх намын мөрийн хөтөлбөрийг судалсан. Монгол ардын намын мөрийн хөтөлбөр миний санаанд хамгийн их нийцсэн” гэж автомашины сэлбэгийн худалдагч, 19 настай А.Мөнхзаяа хэлсэн байна. 

Холбоотой мэдээ