БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-01 14:05:06

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ нэг жилийн турш үргэлжилж буй худалдааны маргааныг зохицуулахын тулд Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан гомдлоо цуцлах эрмэлзэлгүй байгаагаа илэрхийлжээ.


“Бид Японтой хэлэлцээ хийхэд үргэлж нээлттэй байгаа хэдий ч Токиогийн талаас ямар нэгэн хүсэлт ирээгүй байна” гэж БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны дэд сайд На Сён Сик өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.


“Бид экспортын хяналтаа /БНСУ-ыг чиглэсэн/ 2019 оны долдугаар сарын 1-нээс өмнөх түвшинд хүргэж, хэвийн болгохыг Японд уриалж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Япон өнгөрсөн оны долдугаар сараас БНСУ-ын аж үйлдвэрийн салбарын гол материалуудын экспортын хяналтыг чангатгаснаас хойш Сөүл, Токиогийн хооронд маргаан өрнөж эхэлсэн юм. Тэдгээр материал нь чип, дэлгэцийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ